<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Ухаалаг ТВ-ийн талаар таны зайлшгүй мэдвэл зохих зүйлс

Б.Эрдэнэсувд 2017-01-03

ухаалаг телевизОрчин үеийн дэвшилтэт технологийн гайхамшиг гэгдэж буй Ухаалаг ТВ нь үнэхээр ухаалаг болов уу? Ухаалаг утас шиг минь ажиллах боломжтой гэж үү? Сувгаа сольж дуртай хөтөлбөрөө сонгон үзэх, DVD тоглуулагчаас бичлэг үзэх, Кабелийн болон IPTV сонголтоо хийсэн байхад илүү юм хэрэгтэй гэж үү, ТВ-д өөр ямар ид шидтэй технологи хэрэгтэй гэж?! хэмээн Ухаалаг хэмээх ТВ-д та эргэлзэж байна уу?
Тэгвэл энд Ухаалаг ТВ-ийн талаар, тэдгээрийн онцлог ялгаа, бидэнд юу өгч чадах талаар товчхон танилцуулья.

Ухаалаг ТВ гэж юу вэ?

Анх түүнийг Connected буюу “Интернетэд холбогддог ТВ” хэмээн ярьдаг байсан ч Samsung, LG зэрэг тэргүүлэх брэндүүд түүнийг телевизорын шинэ эрин үе хэмээн томьёолж Smart буюу “Ухаалаг ТВ” хэмээн нэрлэжээ. Түүний нийтлэг онцлог бол компьютер адил Интернэтэд холбогдож төрөл бүрийн энтертаймент аппликэшн ашиглан хөгжилдөх, Youtube гэх мэт стриминг медиа сангаас контент хүлээн авах, Netflix-ээр ойлгогддог онлайн VOD үйлчилгээг авах, Интернэт радио болон хөгжмийн сангаас хүссэн дуугаа сонсох, Инернет хөтчөөр дамжуулан вэб сайтуудаар зочлох гэх мэт илүү дэвшилтэт үйлдлүүдийг хийж болдогт оршино.

Ухаалаг ТВ-үүд брэнд болон нэр төрлөөс хамааран хязгааргүй боломжийг харилцан адилгүй хэмжээгээр хэрэглэгчид олгодог. Ухаалаг ТВ-ийг ажиллуулахад төвөгтэй гэсэн хэрэглэгчдийн ойлголтыг үйлдвэрлэгчид жил ирэх тусам няцааж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ч хэрэглэхэд хамгийн хялбар байлгах шийдлийг бүтээсээр байна.

Ухаалаг ТВ-ийн онцлогууд

Орчин үеийн Ухаалаг ТВ бидэнд энгийн ТВ-д боломжгүй байсан ямар ямар технолгийн шийдлийг ашиглах боломж олгож байна вэ?

  • Smart Hub буюу Ухаалаг удирдлагын төв

Smart Hub буюу Ухаалаг удирдлагын төв нь Хэрэглэгчидийн нөгөө л “Ухаалаг ТВ-ийг удирдах төвөгтэй” гэсэн ойлголтыг халах хамгийн гол технологийн шийдэл бөгөөд энэ нь таны зурагтанд холбогдсон бүхий л төхөөрөмжүүд, үзэж байгаа суваг, оруулаад орхисон аппликэшнуудыг нэг дор харуулах, хэт олон төрлийн контентууд дунд таныг төөрүүлэхгүй байлгах ТВ-ийн ухаалаг цөм юм. Ялангуяа ТВ-ийн үйлдвэрлэлийн акулууд болох Samsung, LG брэндүүд Ухаалаг удирдлагын төвийг бүх зүйл гар дор байж, хаашаа ч шилжсэн хялбар бөгөөд хурдан байхаар бүтээдэг. Та хайлт хийхэд цаг зарцуулахгүй, олон контентууд дунд төөрөлдөхгүй.

smart_TV_talaar tanii zailshgui medvel zohih zuils_2.jpg


  • Таны шидэт дохиур - Ухаалаг удирдлага

Ухаалаг ТВ-ийн гайхамшгийг мэдрүүлж чадах зүйлсийн нэг бол таны гар дахь шидэт дохиур буюу ухаалаг удирдлага юм. Түүний хамгийн гол үүрэг нь компьютерын хулгана мэт хялбар ажиллаж, заагч сумаар хүссэн газраа товшилт хийх чадвар юм. Түүнд энгийн удирдлага шиг олон товч хэрэггүй бөгөөд брэндээсээ хамааран 6-10 товчинд бүхий л үйлдлийг хийж чадах хялбар шийдэлтэйн дээр таны хүссэн үйлдлийг саадгүй гүйцэтгэж чадна. Түүнчлэн дуу хоолой таньдаг ухаалаг удирдлагаа амандаа ойртуулан шаардлагатай үйлдлийг хэлэхэд л хангалттай.

Таны шидэт дохиур - Ухаалаг удирдлага

Ухаалаг удирдлагын цоо шинэ трэнд бол ТВ, түүнтэй холбогдсон төхөөрөмж тус бүрийн удирдлагыг халж ганцхан ухаалаг удирдлагаар ТВ-д холбогдсон бүх төхөөрөмжүүдийг удирддаг шийдэл бөгөөд ийм удирдлага одоогоор 2016 оны Samsung ын загваруудад боломжтой болоод байна.

 

  • Зуу зуун Аппликэшн бүхий мэдээллийн арвин сан

Та ухаалаг утсаа түүнд суулгасан олон олон хэрэгцээтэй, хөгжилтэй апп-гүйгээр төсөөлөхгүй биз ээ? Телевизэд таны ухаалаг утастай адилаар өөрт тохирсон хэмжээ, формат, үйлдлийн сан бүхий илүү энтертаймент чиглэлийн аппликэшнууд зайлшгүй шаардлагатай байдаг. Та ТВ-ээрээ нэмэлт үйлчилгээ авах болон илүү олон төрлийн эх сурвалжаас контент хүлээн авахад ямар нэгэн нэмэлт төхөөрөмж залгах эсвэл Web Browser-р дамжихгүйгээр ТВ-д өөр дээр нь тэр хэрэгцээт эх сурвалжууд, гадаад төхөөрөмжийг орлож чадах системүүд сууж өгөх нь танд ямар ч төвөггүй, бүхнийг нэг дор байлгаж чадах хамгийн хялбар шийдэл юм.

Караоке апп-уудаас сонгож татаад найзуудаа гэртээ дуудаж хөгжилдөхөд тань микрафон л шаардлагатай, эрүүл мэндийн апп-ууд танд гэртээ иог, фитнес хийх боломжийг олгоно, хүүхэд саатуулах апп-уудын тусламжтай гэрийнхээ ажлуудыг амжуулаад ав, цаг агаарын апп гэрээсээ шүхэртэй гарах эсэхийг тань заагаад өгнө.

Зуу зуун Аппликэшн бүхий мэдээллийн арвин сан

ToonsTV – Бага насны хүүхдүүдэд зориулан Rovio-с гаргасан Angry Birds-ийн цувралуудын арвин сантай онлайн суваг бөгөөд Апп хэлбэрээр ТВ-дээ үнэгүй суулгах боломжтой. Дуу, дүрсний өндөр чанар бүхий цувралуудыг ухаалаг зурагтаараа хүссэн үедээ үзээрэй.

 

Зуу зуун Аппликэшн бүхий мэдээллийн арвин сан

Red Karaoke – Зочны өрөөгөө хамгийн тухтай караоке болгох боломж. Ганцхан удаа бүртгүүлээд Ухаалаг ТВ, гар утас, таблет, компьютерээсээ хүссэн дуугаа, хүссэн үедээ дуулах, өөрийн дуулах чадвараа сайжруулах хамгийн ухаалаг арга.

 

  • Онлайн Стриминг эрх чөлөө

Орчин үеийн чиг хандлага болох Онлайн Стриминг гэдэг нь таны зочлох дуртай Youtube, дэлхийн тренд Netflix, Азийн үзэгчидийн сонголт Golive, Монголд шинээр дэлгэрээд байгаа LookTV зэрэг юм. Америк, Европод HBO Go, BBC iPlayer, Hulu зэрэг олон алдартай стриминг үйлчилгээ үзүүлэгчид байдаг ч тэдгээрээс Netflix, Golive зэрэг дэлхийн лидерүүд Монголд үйлчилгээ үзүүлэх эрхтэй байдаг.

Стриминг үйлчилгээ орчин үеийн тренд болж байгаагийн гол шалтгаан нь ТВ-ийн хөтөлбөрт баригдан үзэх дуртай нэвтрүүлэг, олон ангит цувралынхаа дараагийн ангийг хүлээх, дундуур нь хүсээгүй олон төрлийн сурталчилгаа үзэх гэх мэт үзэгчидэд тулгардаг бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэж, зөвхөн хүссэн контентоо хүссэн үедээ ямар нэгэн реклам, тасалдалгүйгээр үзэх боломжийг олгодогт оршино. Харин ийм эрх чөлөөг таньд зөвхөн интернэтэд холбогдож чадах Ухаалаг ТВ өгч чадна.

Онлайн Стриминг эрх чөлөө

Netflix - Netflix бол ухаалаг ТВ, гар утас, таблет, компьютер тэр ч байтугай blu-ray тоглуулагч, тоглоомын консол гэх мэт бүхий л төрлийн ухаалаг төхөөрөмжүүдээс хандан хамгийн өргөн сонголт бүхий контентуудыг дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авах боломжтой орчин үеийн чиг хандлагыг тодорхойлж буй Интернэт ТВ-ийн үйлчилгээ юм. Төлбөрийн нөхцөл, үйлчилгээний чанараараа энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчидээс байнга тэргүүлж байна.

 

Онлайн Стриминг эрх чөлөө

Golive – Онлайн стриминг үйлчилгээний Азийн төлөөлөл болох Golive нь дэлхийн 200 гаруй сувгуудтай. Танай Ухаалаг ТВ интернэтэд холбогдсон байхад л хангалттай бөгөөд дуу, дүрсний өндөр чанартайгаар танд хүрнэ. Түүний сувгууд Хятад хэл судалдаг хүмүүст илүү тохиромжтой. Хувилбар/Version/ шинэчлэгдэхэд таны худалдан авсан ТВ-ийнх дагаад шинэчлэгдэж чаддаг бөгөөд Хятадын ТВ-ийн тэргүүлэх TCL брэндэд сууж ажилладаг.

 

  • Онлайн радио, хөгжмийн сан

Дээр дурдсан Стриминг үйлчилгээний хөгжмийн хувилбар бол онлайн радио юм. Зөвхөн радиогоор ч тогтохгүй бүхий л төрөл жанрын дууны сангаас дуу, хөгжим хүлээн авч сонсох боломжийг танд олгоно. Радио эсвэл дуу хөгжмийг ТВ-ээр сонсох нь ТВ-ийн анхдагч зорилт биш ч бүхий л энтертайментыг нэг дороос авах боломж олгох нь Ухаалаг ТВ-ийн тэргүүн зорилт юм.

smart_TV_talaar tanii zailshgui medvel zohih zuils_9.jpg

TuneIn – Дэлхийн өнцөг булан бүрийн 100,000 гаруй шууд цацагдаж буй радио, 4,000 гаруй подкаст, цомгуудтай. Тэдгээрээс хэзээ ч хаанаас ч TuneIn аппликэшнаар үнэ төлбөргүйгээр ухаалаг төхөөрөмжүүдээрээ сонсох боломжтой.

 

Онлайн радио, хөгжмийн сан

Deezer – Дэлхийн мянга мянган дуучид, хөгжимчид, хамтлагуудын дууг ТВ-ээрээ сонсох боломж бол Deezer бөгөөд дуу, цомог, уран бүтээлчидээр нь хялбархан хайлт хийж дуртай жагсаалтаа төвөггүй үүсгэх боломжтой.

 

  • Web browser - Интернет хөтөч

Бараг бүхий л нэн шаардлагатай вэбсайтыг Апп хэлбэрээр App Store-т оруулчихсан байдаг. Гэсэн ч та ямар нэгэн хайлт хийх, мэйлээ шалгах, next.mn дээр ямар урамшуулал зарлагдсаныг харахдаа заавал утас, компьютерээр хандах шаардлагагүй. Албан байгууллагууд үйлчлүүлэгчиддээ байгууллагын танилцуулга үзүүлэх эсвэл компанийнхаа вэб сайтыг таниулахад ТВ-ийн Web Browser хамгийн тохиромжтой байдаг.

 

  • Гадаад төхөөрөмжтэй уялдаж ажиллана

Та нэгэнт Ухаалаг ТВ гэртээ худалдан авсан бол Youtube-с хүссэн бичлэгээ хайх, Web browser-т зочлох сайтынхаа нэрийг бичих гээд компьютер шиг ажиллуулах шаардлага зайлшгүй тулгарна. Таны ТВ-ийн загвараас хамааран ухаалаг удирдлагагүй байж болох юм. Энэ тохиолдолд ердөө компьютерын гар, хулгана зурагтандаа залгаад удирдлагын үүргийг шийдэж чадна. Та ТВ-ээрээ бичлэг хийж түүнийгээ хадгалах бол флаш диск эсвэл зөөврийн хард залган хадгалж болно.

Ухаалаг ТВ, гадна төхөөрөмж хоёрын хамгийн сонирхолтой хоршил бол Гар утастай холбож ажиллуулах явц юм. Та гар утсаараа өөр өрөөнөөс ч ТВ-ийнхээ дууг ихэсгэж эсвэл багасгаж чадна. Дуртай цуврал, тэсэн ядан хүлээдэг нэвтрүүлэг тань гарч байхад та гал зуухны өрөөндөө завгүй байхдаа ч гар утсандаа шилжүүлээд сонирхолтой агшин бүрийг алдалгүй үзэх боломжтой. Мөн утсан дээрээ байгаа сонирхолтой бичлэгийг ТВ-рүү холбоод өргөн дэлгэцээр гэр бүлээрээ үзэхэд тань ердөө ганцхан секунд шаардагдана.

Гадаад төхөөрөмжтэй уялдаж ажиллана

 

  • Бичлэг хийх боломж

Орчин үеийн IPTV бидэнд ихэнхи сувгийг ухрааж үзэх боломж олгодог ч хадгалах хугацаа нь тун богинохон байдаг. ТиймдIPTV болон бусад эх сурвалжаас хүлээн авч буй контентуудыг хадгалж, бичиж үлдээхийн тулд танд заавал тусгай CVR, DVR төхөөрөмжүүд шаардлагагүй. Ердөө л бичигч функцтэй ТВ байхад хангалттай бөгөөд ийм бичигч/Record/ функц нь ихэнхидээ ухаалаг ТВ-д суурилсан байдаг.

Бичлэг хийх боломж

 

  • Ямагт шинээрээ

Ухаалаг ТВ-ийн интернэтэд холбогддог чадвар нь түүнийг жил бүр шинэ загварын шинэчлэлийг татаж, өөрийгөө шинэчлэн хэзээ ч хуучрахгүй байх боломжийг олгоно. Брэнд болон загвараасаа хамаарч харилцан адилгүйгээр шинэчлэл хийгддэг ч ихэнхи загвар нь шинэ үйлдлийн систем/OS/-р солигддог.

ХОЛБООТОЙ: Ямар брендийн ухаалаг ТВ авбал зүгээр вэ?

Та манай онлайн дэлгүүрээр зочилон хүссэн ухаалаг ТВ болон цахилгаан бараанаас сонголтоо хийгээрэй. 

New Call-to-action


Б.Эрдэнэсувд

Нийтлэлч Б.Эрдэнэсувд

Тээврийн Удирдлагын мэргэжлээр төгссөн бөгөөд 2012 оноос хойш Нэкст Электроникс компанийн Дижитал аудио-видио бүтээгдэхүүн хариуцсан Ахлах мэргэжилтэнгээр ажиллаж байна. Орчин үеийн дэвшилтэт технологийн Зурагт, AV бүтээгдэхүүн болон тэдгээрийн трэнд болоод буй брэндийн талаар таниулан зөвлөх туршлагатай.


Тагууд: Зурагт, Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл