<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Цахилгаан зуухаа цэвэрлэхээс халширч байна уу, тэгвэл...

Б.ДАВААХҮҮ 2017-12-28

Эзэгтэй бүр хайртай гэр бүлийн гишүүдээ амттай сайхан хоолоор дайлах, баярлуулах хүсэлтэй байдаг. Амттай хоол бүрийн ард угаах аяга таваг, цэвэрлэхэд хэцүү шарах шүүгээ гэх мэт асуудал үлддэг. Энэ асуудлыг шийдэх үүднээс ахуйн хэрэглээнд өргөн хэрэглэгддэг шарах шүүгээг хэрхэн цэвэрлэх талаар доорх зөвлөгөөг хүргэж байна.

Бүх төрлийн шарах шүүгээ пиролитик цэвэрлэгээ, уураар цэвэрлэх, каталитик цэвэрлэгээ, уламжлалт цэвэрлэгээ гэсэн үндсэн 4 горимтой байдаг. Үүнээс пиролитик болон уураар цэвэрлэх горимтой шарах шүүгээг өөрийгөө цэвэрлэх автомат горимтой гэж ойлгож болно.

1. Пиролитик цэвэрлэгээний горим нь шарах шүүгээнд тусдаа функц болж суурилагдсан байдаг тул хэрэглэгч уг функцийг идэвхжүүлснээр цэвэрлэх процесс эхэлнэ. Өөрөөр хэлбэл механик ажиллагаа маш бага. Горим идэвхтэй болсноор шарах шүүгээ цельсийн 450-500 градус хүртэл халж, шарах шүүгээн доторх бохирдлыг үнс болтол шатаана. Үүний дараа зөөлөн алчуураар арчихад л хангалттай. Харамсалтай нь пиролитик цэвэрлэгээний горимтой шарах шүүгээг үйлдвэрлэхэд энгийн шарах шүүгээ үйлдвэрлэхээс хавьгүй өндөр үнэтэй, аюулгүй эд материал ордог учир энэ төрлийн цэвэрлэгээний горимтой шарах шүүгээ нь өндөр үнээр худалдаалагддаг байна. Энгийн шарах шүүгээ нь 200-280 градус хүртэл халдаг бөгөөд 2-3 давхар хаалганы шилтэй байдаг. Пиролитик шарах шүүгээ нь 4 давхар шилтэй, илүү түргэн хөргөх системээр тоноглогдсон байна. Цэвэрлэх функцийг идэвхжүүлснээс хойш 1–2 цаг үргэлжлэх бөгөөд  энэ үеэр шарах шүүгээ нь автоматаар түгжигддэг учир хэрэглэгчид ямар нэг аюулгүй байдаг байна.

 

2.Уураар цэвэрлэх горим:
Уг горимыг шарах шүүгээ үйлдвэрлэгч брэндүүд Aqua clean, Hydroclean, Steam clean гэх мэт өөр өөрөөр нэрлэсэн байдаг. Энэ горим нь мөн л шарах шүүгээнд тусдаа функц болж суурилагдсан байдаг. Ажиллуулахдаа, горимыг сонгоод шарах шүүгээний хамгийн доод листэнд 500 грамм ус хийнэ. Ингээд горим идэвхэжсэнээс хойш 30-45 минутын дараа шарах шүүгээн доторх бохирдол өндөр температурт халж, зөөлөрсөн байх тул алчуураар арчаад л боллоо.
Цахилгаан зуухны цэвэрлэгээ

Уураар цэвэрлэх горимыг энгийн шарах шүүгээнд хэрэглэж болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Яаж хэрэглэх вэ гэвэл, шарах шүүгээнийхээ хамгийн доод листэнд 500 грамм ус хийнэ. Дараа нь шарах шүүгээний горимыг доороос халаах горимд тохируулан, 90 градуст 30-45 минут халаахад л болно. Өөрөөр хэлбэл уураар цэвэрлэх горимтой шарах шүүгээ гэдэг нь горим, градус, хугацааг автоматаар тохируулж өгсөн л гэсэн үг юм. Үүнийг механикаар тохируулснаар бүх шарах шүүгээг уураар цэвэрлэх боломжтой. 

3.Каталитик цэвэрлэгээ гэдэг нь ямар нэг цэвэрлэгээний горим, функц биш, харин шарах шүүгээний дотор хананд тусгайлан суурилуулсан түлэгдэж, наалдахаас сэргийлсэн материал юм. Уг материалыг шарах шүүгээний дотор хананы 2 хажуу, хойд хананд суурилуулсан байдаг тул зөвхөн тухайн талуудыг л хамгаална. Харин доод ханыг хамгаалж чадахгүй тул шарах шүүгээг ашигласны дараа тогтмол цэвэрлэж байх шаардлагатай.
Цахилгаан зуухны цэвэрлэгээ

 4.Уламжлалт цэвэрлэгээ: Уламжлалт цэвэрлэгээ гэдэгт гэрийн нөхцөлд гар аргаар цэвэрлэх бүх төрлийн аргуудыг оруулан тооцдог. Ингээд доорх аргуудыг хэрэглэгч танд санал болгож байна.

2.jpg

5.Зориулалтын цэвэрлэгээний шингэн ашиглан цэвэрлэх

Шарах шүүгээг цэвэрлэхийн өмнө температурыг 200 хэмд урьдчилан хагас цаг орчим халаасан байх шаардлагатай. Бохирдсон хэсэгт зориулалтын угаалгын шингэнийг түрхэж, хэсэг хугацаанд байлган цэвэрлэнэ. Шарах шүүгээ цэвэрлэх ахуйн зориулалтын цэвэрлэгээ бус аливаа бодис, хүчил агуулсан цэвэрлэх шингэнийг ашиглахгүй байхыг зөвлөе. Учир нь эдгээр бодисууд нь шарах шүүгээний гадаргууг гэмтээх аюултай байдаг. 
Цахилгаан зуухны цэвэрлэгээ

6.Сода + Уксус
Сода+ уксус бол дагтаршсан тосыг гайхалтай сайн арилгадаг уламжлалт жорын нэг. Сода болон уксус нь харилцан урвалд орж, урвалын үр дүнд үүссэн бодис нь шарах шүүгээний дотор талын бохирдлыг сайтар арилгадаг байна.

Шарах шүүгээний дотор хэсгийг уксусаар үрж арчаад, сода цацна. Ингээд 3 цаг байлгаж, бүлээн савантай усаар угааж цэвэрлэнэ. Шарах шүүгээний хана болон хаалгыг уксусаар арчиж, 2-3 цаг байлгаад бохирдсон хэсгийг цэвэр бүлээн усаар угааж арчина. Шарах шүүгээний хаалганы шилэнд наалдсан тос, тортог зэрэг бохирдлыг арилгахад хүнсний сода мөн л сайнаар нөлөөлдөг. Шилэндээ хүнсний сода түрхээд бага зэрэг норгон, 40-60 минут байлгана. Дараа нь чийгтэй, зөөлөн алчуураар өнгөрийг нь арилтал арчина.

 Цахилгаан зуухны цэвэрлэгээ

7.Саван

Ахуйн хэрэглээний саван эсвэл цэвэрлэгч шингэнийг бүлээн усанд хийж найруулна. Бэлдсэн шингэнээ шарах шүүгээний төмөр хавтанд хийж 110 хэмд хагас цаг хэртэй халаагаад бохирдол, тосны үлдэгдэл зэргийг цэвэрлэнэ.

Цахилгаан зуухны цэвэрлэгээ

8.Нимбэгний шүүс

Шарах шүүгээний ханыг нимбэгний шүүстэй усаар угааж цэвэрлэж болно. Мөн листэнд ус хийж, дээрээс нь хэдэн хэрчим нимбэг, угаалгын бодис хийж, 100 хэмд хагас цаг халаана. Үүний дараа чийгтэй алчуураар арчихад тослог хялбархан арилдаг.

Цахилгаан зуухны цэвэрлэгээ

9.Саван + уксус + сода

Нэг амны халбага содыг савантай усанд уусгаад, 100 гр уксус нэмнэ. Уг уусмалаараа шарах шүүгээний ханыг угааж, чийглээд 2 цаг байлгана. Хананд тогтсон хүрэн, бор өнгөрүүд хялбархан арилна.
Цахилгаан зуухны цэвэрлэгээ

10.Сода + нимбэгний хүчил + уксус
Шарах шүүгээгээ цэвэрлэхийн өмнө 25 минут, 50 хэмд халаана. Шарах шүүгээний гадаргууг нимбэгний шүүс, уксус, содатай уусмалаар арчина.

Amica Web.jpg


Б.ДАВААХҮҮ

Нийтлэлч Б.ДАВААХҮҮ

Тэрээр ХУИС болон Энэтхэг улсын Guru Gobind Singh Indraprashta их сургуулийг “ОУ-ын худалдаа – Бизнесийн удирдлага” мэргэжлээр тус тус төгссөн. Тэрээр шинээр хөгжиж буй технологийн дэвшилтэт гэр ахуйн цахилгаан барааг судалж, хэрэглэгчдэд нийлүүлэхийн зэрэгцээ дэлхийн томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг туршлагатай нэгэн.


Тагууд: Гал тогооны цахилгаан хэрэгсэл