Бүхэл өдрийн турш эрч хүчтэй байхын тулд өглөөний цайг хэзээ ч битгий алгасаж байгаарай. Өглөө эртхэн босоод өөртөө болон гэр бүлийнхэндээ багахаан цаг гаргаад дараах хоолны жоруудаас таалагдсанаа туршиж үзээрэй.
Бенедикттэй өндөг
Орц: 2 хүнийхээр
Гамбургерний талх эсвэл англи талх- 2 ширхэг
Өндөг- 4 ширхэг
Гахайн мах (утсан)- 8 зүсэм
Голланд соус
Чимэглэх ногоо
Хийх арга:
Хайруулын тавгандаа ургамлын тосоо хийгээд халаагаад, талхаа дундуур нь зүсээд, зүссэн талыг нь доош харуулан шарна. Гахайн утсан махаа зөөлөн гал дээр хуурай хайруулын тавган дээр шаржигнасан болтол нь шарна (эсвэл шарах шүүгээнд 200 градусын хэмд 5 минут болгоорой). Саванд ус хийж буцалгана. Дараа нь усаа бөмбөлөггүй болтол галаа багасгана. Савныхаа ёроолд таваг байрлуулаарай. Өндгөө шүүгч эсвэл шүүлтүүрэнд хагална. Ингэснээр өндөгний цагааны хамгийн шингэн хэсэг нь урсах болно. Өндгөө аажмаар усанд хийнэ. Ойролцоогоор 3 минут чанаарай. Энэ үед өндөгний шар нягтраагүй байх ёстой. Бэлэн болсон өндгөө шүүгчээр гаргаж ирээд цаасан алчуур дээр тавиарай. Үлдсэн өндгөөрөө адил дарааллаар хийж бэлтгэнэ. Талхан дээрээ гахайн махаа тавиад дээр нь өндөг болон соусаа асгана. Хүссэн ногоогоороо чимэглээрэй.
Рёшти төмс
Орц: 3 хүнийхээр
Төмс- 500 гр
Цөцгий- 60 гр
Давс
Хийх арга:
Төмсөө том хэрчинэ (төмс бүрийг 4-6 хэсэг болгоно). Дараа нь саванд хийнэ. Дээрээс нь буцалсан ус хийж буцалснаас нь хойш 5-6 минут чанана. Усыг нь асгаад төмсөө хөргөнө. Төмс хөрж байх зуур цөцгийн тосныхоо талыг хайлуулаарай. Төмсөө бүдүүн үрэгчээр үрнэ. Хайруулын тавган дээрээ 1 хоолны халбага ургамлын тос хийж зөөлөн гал дээр халаана. Үрсэн төмсөө 3 давхарлаж үе бүрийг давсаар амтлан хайлуулсан цөцгийн тосоо дээрээс нь асгаарай. Хамгийн дээд хэсэг дээр захыг нь тойруулж үлдсэн цөцгийн тосоо зүсэж тавина. Зөөлөн гал дээр алтлаг өнгөтэй болтол нь 5-6 минут шарна. Нөгөө талыг мөн адил 5-6 минут шараарай. Бэлэн болсон төмсөө хайруулын тавганд дахин 5-7 минут болсоны дараа таваглаад идэхэд бэлэн боллоо.
Гадил болон нэрстэй бин
Орц:
Гурил - 3/4 аяга гурил /талаас арай дээгүүр гурил/
Сүү - 1 аяга
Өндөг - 1 ширхэг
Исгэгч - 1 цайны халбага
Цөцгий -1 цайны халбага
Элсэн чихэр - 1 цайны халбага
Давс
Хачирлах жимс
Зөгийн бал эсвэл сироп
Хийх арга:
Гурил дээрээ элсэн чихэр, исгэгч болон давсаа хийгээд холиод тавина. Өндөгөө сайтар хутгаад сүү нэмэн дахин хутгана. Мөн цөцгийгөө хайлуулаад нэмнэ. Одоо хайруулын тавгаа тослоод бингээ шарна. 2-3 минут хоёр талыг нь жигд болгоно. Бэлэн болсон бингээ дуртай жимстэйгээ холиод идээрэй.
Хүнсний ногоотой фриттата
Орц:
Өндөг – 6 ш
Амтат чинжүү – 3 ш
Улаан сонгино – 1 ш
Брокколи – 200 гр
Ногоон шош /урт/ – 200 гр
Нимбэг – ¼
Оливын тос – 50 мл
Сармис – 2 хумс
Цөцгий – 50 гр
Давс
Хар перец
Амтлагч
Хийх арга:
Өндгөө давс, бусад амтлагчтай холино. Брокколийн цэцэгтэй хэсгийг сонгоно. Чинжүүгээ цэвэрлээд нарийн хэрчинэ. Сонгиныг нимгэн хагас цагариг хэлбэртэй хэрчинэ. Сармисаа нухаж, нимбэгийн шүүс, оливын тостой холино. Хэрчсэн сонгиноо цөцгийн тосонд зөөлөртөл хуураад, брокколи нэмж ахин 1 минут хуурна. Дээр нь чинжүү, ногоон шош нэмээд мөн 1 минут хуурна. Сармисаа нэмж хийгээд 30 секундын дараа өндгөө асгаж өгнө. Өндөг бэхжиж эхэлмэгц, урьдчилж халаасан шарах шүүгээнд хийж 180 хэмд 7-10 минут шарна. Давс, перец, яншуй цацаад таваглаад бэлэн боллоо.
Тахианы мах, ногоотой лаваш
Орц:
Нимгэн лаваш буюу элдэвтэй гурил – 4 ш
Лууван – 1 ш /дунд зэрэг/
Шинэ өргөст хэмх – 2 ш
Тахианы ясгүй мах
Давс, перец
Нунтаг чинжүү /халуун биш/ – тал цайны халбага
Амтат чинжүү – 1 ш
Салат – 100 гр
Цөцгий, эсвэл өөр сүмс
Хийх арга:
Луувангаа үрнэ. Өргөст хэмхийг нарийн хэрчинэ. Тахианы махыг дөрвөлжин хэрчинэ. Хайруулын тавагт дунд зэргийн гал дээр 1 хоолны халбага ургамлын тос халааж, тахианы махаа хийгээд болтол нь хуурна. Тавган дээр гаргаж, халуун хэвээр нь байлгана. Энэ хайруулын тавагтаа нарийн хэрчсэн амтат чинжүү хийж, давслаад зөөлөртөл хуурна. Лаваш буюу элдэвтэй гурил дээрээ цөцгий түрхэж, салат болон бусад орцоо хийхдээ захад нь 2 см зай сул үлдээнэ. Ингээд доод захыг нь дээш нугална. Дараа нь шанзтай лавашаа ороомог болгон орооно.
ХОЛБООТОЙ: Гал тогоонд заавал байх бидний сайн мэдэхгүй 4 цахилгаан хэрэгсэл
Хэрвээ та өөр олон төрлийн амттай бөгөөд хийхэд хялбар хоолны жоруудтай танилцахыг хүсэж байгаа бол доорх холбоосон дээр дарж, цахим номоо татаж авна уу.