<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1577418775899827&amp;ev=PageView&amp;noscript=1">
+7(495) 970-05-05

Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах цахилгаан барааг сонгох нь

Б.Эрдэнэсувд 2017-01-03

хүүхдийн эрүүл мэндБид энэхүү нийтлэлээрээ гэрийн тань цахилгаан хэрэгсэл хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж буй эсэхийг хэрхэн хянах талаар зөвлөгөөг хүргэж байна. Энхрий бяцхан үрсдээ эрүүл хоол хүнс хийж өгөх, өмссөн хувцаснаасаа харшлахгүй байх, цэвэр, чийглэг агаараар амьсгалах орчинг бүрдүүлэх нь гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хялбархан хийж чадах ажил гэдгийг та мэдэх үү? Энгийн хирнээ нэн чухал ач холбогдолтой дараах төрлийн бүтээгдэхүүнүүдтэй танилцацгаая.

1. “Хүүхдийн Түгжээ”-тэй цахилгаан зуух, плитка

Плитка болон зуухаа асаалттай орхиод явах нь битгий хэл гэртээ байхдаа ч плиткийг тань “Хэн нэгэн” жижигхэн гартай этгээд асаах товчлуурыг нь аль хэдийн хэд хэд эргүүлчихсэн байгааг мэдэлгүй дээр нь байсан хуванцар сав хайлж үнэртэхэд л уулга алдан очиж унтраадаг түүх бол тун ч танил юм. Бид гэртээ хүүхдээ хэсэгхэн орхихдоо эсвэл бүр хамтдаа гарах үедээ ч зуухаа залгуураар нь найдвартай салгаад явах талаар хамгийн түрүүнд бодох байх. Гэвч ихэнх суурилуулдаг болон дан цахилгаан зуухны залгуур ил байдгийг анхаарах хэрэгтэй. Харин сүүлийн үеийн загварын ихэнх зуух, плитка “Хүүхдийн Түгжээ”-тэй болсныг хэрэглэгчид төдийлөн мэддэггүй.

Та худалдан авсан зуух, плитканыхаа гарын авлагатай сайтар танилцаарай. Тэнд “Хүүхдийн Түгжээ”-г хэрхэн идэвхжүүлэх болон идэвхгүй болгох тухай зааврыг дурьдсан байдаг бөгөөд зургаар тодорхой тайлбарласан байдаг. Брэнд болон загвараас хамааран “Хүүхдийн Түгжээг” ажиллуулах аргачлал нь өөр өөр байдаг ч энэ нь тун хялбархан  бөгөөд таны заавал хэрэглэж хэвших ёстой, шинээр худалдан авахдаа ийм түгжээ байгаа эсэхийг лавлах шаардлагатай, хэрхэн ажиллуулахыг нь сураад авах хэрэгтэй үйлдэл юм.

түгжээтэй цахилгаан зуух 

2. НЕРА фильтртэй тоос сорогч

Манайх шиг хуурай, тоосжилттой орчинд зайлшгүй байх ёстой цахилгаан хэрэгсэл бол тоос сорогч гэдэгтэй хэн ч маргахгүй боловч бүх тоос сорогч тохиромжтой хэмээн ойлгож болохгүй. Хүүхдийн төдийгүй насанд хүрэгчдийн эрүүл мэндийн санаа зовоосон асуудал бол харшил, астма бөгөөд энэ нь ихэнх тохиолдолд тоосжилтоос шалтгаалдаг болох нь тогтоогдсон. Харин энэхүү тоосжилтыг та тоос сорогчийн тусламжтай, тэр дундаа НЕРА фильтртэй тоос сорогчийн тусламжтай багасгахыг зөвлөж байна. Энд тус фильтрийн нарийн технологийг тайлбарлах нь илүүц юм. НЕРА фильтр нь том хог, үс гэх мэтийг шүүх бүдүүн шүүлтүүрийн дараа нарийн тоос, бохирдлыг шүүх хэд хэдэн давхар шүүлтүүртэй байдгаараа онцлогтой бөгөөд тоосжилтыг 99,7% шүүж арын агаар гадагшлуулах хэсгээрээ буцааж тоос бужигнуулахгүй нь хамгийн эрүүл технологиудын нэгт тооцогддог.

Зөвхөн хог, тоос шороо, үсийг цуглуулаад зогсохгүй хивс хивсэнцэрт наалдсан хөгц, мөөгөнцөр, элдэв нян бактери, хачгийг соруулж, найдвартай шүүн барих технологи бүхий НЕРА фильтртэй тоос сорогч бол эзэгтэйн гэр бүлээ хамгаалах энгийн хирнээ чухал зэвсгүүдийн нэг юм.

фильтртэй тоос сорогч

 

3. Шилэн савтай холигч /BPA Free/

Орчин үеийн ээжүүд гал тогооны цахилгаан хэрэгслийн технологийн дэвшлийн тусламжтайгаар амттайхан бөгөөд гэр бүлийн бүхий л гишүүдэд, тэр ч байтугай хоол муу иддэг хүүхдүүдэд ч сонирхолтой байдаг Смүүти, Шэйк хийж өгөх нь сүүлийн үеийн хэв маяг болоод байна. Гал тогооны цахилгаан хэрэгсэл нь хүнсний бүтээгдэхүүнтэй шууд хамааралтай байдаг тул тэдгээрийг хийсэн материал нь хамгийн эко бөгөөд эрүүл байх шаардлагатай. Холигчийн хүнс хийх савны материал нь шилэн болон пластик гэсэн хоёр төрөл байх бөгөөд тус тусын давуу талууд их ч шилэн сав нь аливаа хоол хүнстэй урвалд орохгүй, Халуун бүтээгдэхүүнд өөрчлөлт оруулахгүй, хүнсний амт, үнэрт нөлөөлөхгүй, байгальд ээлтэй бөгөөд удаан эдэлгээтэй хэмээн танд зөвлөж байна.

Харин бүх хуванцар савтай бүтээгдэхүүнээс татгалзах ёстой гэсэн үг огт биш бөгөөд та зөвхөн “BPA Free” шошготой пластик бүтээгдэхүүнийг сонгон авахад хангалттай. Энэ нь пластик материалтай ч аливаа химийн эрүүл бус технологиор хийгдээгүй, хоол хүнсэнд аюулгүй, зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн хэмээн ойлгож болно.

шилэн савтай холигч

 

4. Хүүхдийн хувцас угаах функцтэй угаалгын машин

Хүүхдийнхээ эрүүл, аюулгүй байдалд анхаарах бас нэгэн чухал алхам бол харшил үүсгэхгүй угаах арга юм. Дөнгөж төрсөн нярайн хувцсыг эцэг эхчүүд гараар угаахыг илүүд үздэг бол Угаалгын машины “Хүүхдийн хувцас” угаах функц нь энэ тохиолдолд бүрэн итгэж болох технологи гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Зөвхөн нярай төдийгүй бага насны хүүхдүүд угаалгын нунтгаас харшлах нь түгээмэл байдаг бөгөөд хамгийн чанартай угаалгын нунтаг худалдан авах нь санхүүгийн хувьд ямагт учир дутагдалтай байдаг. Иймд хувцасны эдэлгээнд муугаар нөлөөлөхгүй бөгөөд хувцсанд угаалгын нунтаг ямар ч ул мөр үлдээлгүй угаах технологи бол тусгайлсан хүүхдийн хувцас угаах энэхүү функц юм.

Та одоогийн хэрэглэж байгаа угаалгын машиныхаа “Хүүхдийн Хувцас” угаах горимыг гарын авлагаас сайтар судлаарай. Хэрэв танай гэрийн угаалгын машинд яг ийм функц байхгүй бөгөөд хүүхэд тань нярай үеэ өнгөрөөсөн бол энгийн угаах функцээр угаасны дараа хэд хэдэн удаа зайлж угааж болох юм. Харин та шинэхэн нярай хүүхэдтэй бөгөөд ээж нь дөнгөж “Гам” барьж байгаа үедээ байгаа бол аль болох ийм тусгайлсан функцтэй угаалгын машин сонгохыг зөвлөе.

функцтэй угаалгын машин

 

5. Агаар цэвэршүүлэгч

УБ хотын агаарын чанарын индекс нь дундаж түвшнээс байнга давсан буюу аюултайд тооцогдож байна. Агаарын бохирдол болон агаарт буй хорт бодисын хэмжээ нь хүүхдэд төдийгүй, насанд хүрэгчдийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж, олон төрлийн өвчлөлийн шалтгаан болдог. Ялангуяа өвлийн утааны тухай бидний улиг болтлоо ярьж, сонсдог мөртлөө тодорхой үр дүнд хүрч чадахгүй байгаа уг асуудлыг ядаж гэртээ цэвэр агаар бүрдүүлэх замаар шийдэж болно. Агаар цэвэршүүлэгч нь  эрүүл мэндийн хувьд туйлын чухал цахилгаан хэрэгсэл хэмээн хүмүүс мэддэг ч энэ нь маш үнэтэй гэсэн ташаа ойлголттой байдаг.

Та өрөөнийхөө хэмжээнээс хамааран янз бүрийн хүчин чадал бүхий агаар цэвэршүүлэгчээс сонгож болох бөгөөд давхар Чийгшүүлэх болон агаар Ионжуулагч функцтэйг нь сонгохыг зөвлөж байна. Учир нь Агаар цэвэршүүлэгч бол харьцангуй удаан хэрэглэх цахилгаан хэрэгсэл тул аль болох олон функц бүхий, танай гэр бүлийн эрүүл мэндэд олон төрлийн үр өгөөж өгч чадах загварыг сонгохыг чухалчлаарай.

агаар цэвэршүүлэгч

 

6. Агаар чийгшүүлэгч

Мөн л манай хуурай, тоосжилттой цаг уурт нэн тохиромжтой бүтээгдэхүүн бол Агаар чийгшүүлэгч юм. Цэвэр бөгөөд чийглэг орчин нь хүүхдийн эрүүл өсч торних нөхцөл бөгөөд эмэгтэйчүүдийн арьсанд ч нэн тустай. Дан агаар чийгшүүлэгч нь харьцангуй овор багатай бөгөөд үнэ хямд байдгийг энд онцлох нь зүйтэй болов уу. Иймд та гэртээ төдийгүй ажлын байран дээрээ ч агаар чийгшүүлэгчтэй байхад анхаарал хандуулаарай.

Нэгэнт агаар чийгшүүлэгчээ сонгон авсан бол та түүнийг цэвэрлэгээний бодис эсвэл хүнсний сода хэрэглэн угааж, усыг тогтмол сольж байх хэрэгтэйг анхааруулж байна. Учир нь чийгшүүлэгчийн усны саванд үлдсэн усанд мөөгөнцөр амархан ургадаг бөгөөд энэ нь түүнээс гарч буй уураар дамжин агаарт тарах эрсдэлтэй байдаг. Иймд та чийгшүүлэгчээ тогтмол цэвэрлэж, крантны бус шүүсэн ус хэрэглэж заншаарай.

агаар чийгшүүлэгч

 

7. Ус цэвэршүүлэгч

Хүүхдийн төдийгүй гэр бүлийн бүхий л гишүүдийн эрүүл мэндэд холбоотой, нэн чухал зүйл бол УС бөгөөд Монгол орны ус хатуулаг ихтэй, орон сууцны усны шугам зэвтэй байдаг нь олон төрлийн өвчлөлийн шалтгаан болж байна. Иймд бидэнд цэвэршүүлсэн ус уух шаардлага тулгарч байгаа нь зайлшгүй юм. Цэвэршүүлсэн баллонтой ус байнга худалдан авах нь яваандаа санхүүд ээлгүй тул та гэртээ аль болох төвийн шугамд холбодог, дөрвөн давхар шүүлтүүр бүхий Ус цэвэршүүлэгч сонгон авах нь зүйтэй. Харин сонгон авсан ус цэвэршүүлэгчийнхээ шүүлтүүрийг тогтмол солиулж байх нь эрүүл, цэвэр ус уух баталгаа юм.

ус цэвэршүүлэгч

 

8. Хамгаалалттай олон залгуур

Гэр бүлийн бяцхан гишүүдийн сонирхлыг байнга татдаг цахилгаан хэрэгсэл бол олон залгуур, ханын разетка юм. Хүүхдүүдийн туршиж үзэхийг ихээр хүсдэг үйлдэл нь разетканы нүхэнд хуруунууд нь багтах эсэхийг шалгах /Хуруу багтаж байвал сайн чанарын разетка гэсэн үг гэж боддог бололтой :D/ эсвэл тийшээ сэрээгээ хийж үзээд юу болохыг харахад байдаг байх. Харин аль хэдийн дээрхийг туршаад үзчихсэн бол тэнд томчууд шиг ямар нэгэн юм залгаж өөрөө ажиллуулж үзэх оролдлого хийнэ гэсэн үг!

Иймд эцэг эхчүүд олон залгуураа зөв сонгох, түүнд таарсан хамгаалалтууд олох нь чухал. Одоо ихэнхи олон залгуур тус бүрийн унтраалгатай хийгдэх болсон нь цахилгаанд хэмнэлт гаргахад тустай бөгөөд ийм хатуу унтраалга нь мөлхөө жаалуудын хувьд хамгаалалт болж чадна. Мөн залгуур дээрээ нууц унтраалгатай байх нь түгээмэл болсон бөгөөд ийм загварыг сонгох нь зүйтэй. Бас нэгэн боломж бол хамгаалалтын тагтай загвар бөгөөд мөн л нээж хаахад хатуу байвал зүгээр. Харин сүүлийн үед залгуурны “Пластик бөглөө” дэлгэрэх болсон нь хамгийн үр дүнтэй арга юм.

хамгаалалттай залгуур

 Эцэст нь хэлэхэд залгуур бол аль болох хүүхдийн аюулгүй байдлыг бодолцож хийгдсэн байдаг тул дээр дурдсан эрсдэл нь таны бодож байгаагаас ч бага байж болно. Харин таны хамгийн гол санаа зовох ёстой зүйл бол залгаад анхааралгүй орхисон цахилгаан хэрэгсэл болон амархан аваад өөрөө залгаж болох эрсдэлүүд учир цахилгаан хэрэгсэлүүдээ залгаж орхихгүй байх, тэд амархан хүрэхээргүй газар байрлуулах зэрэгт эхлээд анхаараарай.

ХОЛБООТОЙ: Үлгэр жишээ эзэгтэй бүрт заавал байх 8 цахилгаан хэрэгсэл

Та доорх зурган холбоосоор нэвтрэн манай онлайн дэлгүүрээр зочилоорой.

Нэкст найр хуримын улирлыг тохиолдуулан хямдралтай, бэлэгтэй мөн худалдан авалтын үнийн дүнгээс хамаарсан багцын бэлэгтэй “Бал сараа Бали аралд” урамшуулалт сугалаат хөтөлбөр  хөтөлбөрийг эхлүүллээ.

 


Б.Эрдэнэсувд

Нийтлэлч Б.Эрдэнэсувд

Тээврийн Удирдлагын мэргэжлээр төгссөн бөгөөд 2012 оноос хойш Нэкст Электроникс компанийн Дижитал аудио-видио бүтээгдэхүүн хариуцсан Ахлах мэргэжилтэнгээр ажиллаж байна. Орчин үеийн дэвшилтэт технологийн Зурагт, AV бүтээгдэхүүн болон тэдгээрийн трэнд болоод буй брэндийн талаар таниулан зөвлөх туршлагатай.


Тагууд: Зөвлөгөө

Гарын авлага

Netflix гарын авлага

Цахим жор


Smoothie жор

Онцлох зар


Хөргөгч авбал тоос сорогч бэлэглэнэ